- Ардын Засгийн газар үүсэн байгуулагдсан цаг үеэс энэ Засгийн газрын санхүү, аж ахуй, үйлчилгээний албаны ажил эхэлсэн түүхтэй. Ардын Засгийн газраас 1921 онд баталсан “Монгол ардын хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын дүрэм”-ийн 2 дугаар зүйлд: Засгийн газрын аппаратын бүрэлдэхүүнд сангийн дарга Д.Лосол, эд таваарын ангийн түшмэл Д.Дашплов, нягтлан бодох хэлтсийн түшмэл Д.Дэмид-Осор нарыг тохоон томилсон тухай баримт бий.
Энэ нь одоогийн Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын эх суурь болсон бөгөөд өнгөрсөн он жилүүдэд дор дурдсан үе шатуудыг дамжин хөгжиж иржээ. Үүнд: -1921-1932 он: “Эд таваарын анги” -1933-1935 он: “Ерөнхий комендант”
-1938-1959 он: “Аж ахуйн тасаг” нэртэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод бүтцэд багтан үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 5 дугаар сарын 25-ны 209 дүгээр тогтоолоор Үйлчилгээ аж ахуйн газрыг байгуулж, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын орлогч бөгөөд ҮААЭГ-ын даргын албан тушаалд Гончигсүрэн гэдэг хүнийг анх томилж байсан байна. ҮААЭГазар нь 1962 он хүртэл энэ бүтцээрээ ажиллаж санхүүгийн тасаг, аж ахуйн хэсэг, ордны үйлчилгээ гэсэн зохион байгуулалтын нэгжтэй байв.
- Үйлчилгээний хүрээ өргөжсөнтэй холбогдуулан 1962 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 28/33 дугаар тогтоол гарч, ҮААЭГ-ыг Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газраас тусгаарлаж Намын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх үүрэг бүхий бие даасан газар болгон өөрчилжээ.
- Тухайн үед Төрийн ордонд БНМАУ-ын Ардын Их Хурал, Сайд нарын Зөвлөл, Улсын төлөвлөгөөний комисс, Статистикийн төв газар, Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, Улсын хянан шалгах комисс, Улсын арбитрын газар, Хэвлэл утга зохиол хянах газар, Дээд ,тусгай мэргэжлийн дунд боловсролын хороо, Хуулийн хороо зэрэг байгууллагууд байрлаж аж ахуй санхүү болон бусад үйлчилгээг нь тус газар хариуцан гүйцэтгэж байв.
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 326 дугаар тогтоолоор ҮААЭГ-ын үйлчилгээний хүрээг өргөтгөн аймаг, хотын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаадын зарим үйлчилгээг хариуцах болсон байна. Улс орны хөгжлийн хурдац нэмэгдэж, гадаад орнуудтай харилцах харилцаа өргөжиж шинэ шинэ байгууллага байгуулагдсантай холбогдуулан 1973 оноос Статистикийн төв газар, Улсын төлөвлөгөөний комисс, Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, Улсын арбитрын газар, Хэвлэл утга зохиол хянах газар зэрэг байгууллагуудыг тусгай байранд оруулж, санхүү аж ахуйн үйлчилгээг нь тусгаарлан гаргахад тус газраас эд материалын болон ажиллах хүчний тодорхой дэмжлэг үзүүлж байжээ.
Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 12 дугаар тогтоолоор тус газарт “Хангамжийн тасаг”-ийг нэмж байгуулжээ.
- Намын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар нь энэ үеэс боловсон хүчин, санхүү, хангамжийн тасаг /үүнээс гадна сантехник, цахилгаан, аж ахуйн хэсэг, цэвэрлэгээний 8 бригад, эмнэлэг, цайны үйлчилгээг нэгтгэсэн/ ордны Зохион байгуулах анги гэсэн дотоод зохион байгуулалттай, харъяа 5 байгууллага /Нүхт дахь амралт, Ордны гуанз, Барилга засварын тасаг, Засгийн газрын Хэвлэх үйлдвэр, Үйлчилгээний авто бааз/-тайгаар удирдах төв байгууллагуудад үйлчилж байв.
1990-ээд оны эхэн үед нийгэм улс төрийн байдал өөрчлөгдөж нам, төрийн эрх мэдэл, өмч хөрөнгө зааг ялгаатай болсноор МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн газрыг Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор “Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар” болгон өөрчилсөн. Нүхтийн амралтыг МҮЭ-д шилжүүлсэн, НАХЯ-ны Ш газар татан буугдсаны учир төрийн дээд удирдлагуудад үйлчилдэг “Их тэнгэр” зочид буудал, 30 дугаар байр зэрэг үйлчилгээний нэгж байгууллагууд тус газрын бүтцэд нэмэгдэж ирсэн юм.
- Төр, засгийн газрын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, шат дамжлагыг багасгах үүднээс БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 109 дүгээр тогтоолоор ҮААЭГ-ыг татан буулгаж, түүний үүргийг ЗГХЭГ-т Үйлчилгээ аж ахуйн хэлтэс бий болгож хариуцуулсан юм. Энэ дагууд ЗГХЭГ-ын даргын 1991 оны 49 дүгээр тушаал гарч Төрийн ордны үйлчилгээний захиргаа /177 орон тоотой/-г байгуулж, “Их тэнгэр” цогцолбор, Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэр, Авто бааз, Барилга засварын тасаг зэргийг бие даалгаж, ашгийн байгууллагын зарчмаар ажиллуулж, эдгээр байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүргийг ЗГХЭГ өөрөө хүлээн гүйцэтгэж байв.
- Төр, засгийн төв байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн онцлог байдлаас шалтгаалан, тэдгээрийг өдөр тутмын аж ахуйн олон талт ажилтай хутгалдуулахгүй байх, нөгөө талаас төрд үйлчлэх үүрэг бүхий нэгж байгууллагууд орлого ашиг хөөж үндсэн үйлчлүүлэгчдээсээ хөндийрөхөд хүргэхгүйн тулд Засгийн газрын 1992 оны 29 дүгээр тогтоолоор удирдах төв байгууллагуудад үйлчлэх зориулалттай салбар нэгжүүдийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрыг дахин шинээр байгуулжээ.
- Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор тус газрын аж ахуйн тооцоон дээр ажиллах болон төсвөөс санхүүжих харъяа байгууллагуудыг баталж өгсөн юм.
- Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай УИХ-ын 1996 оны 40 дүгээр тогтоолоор Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон бөгөөд УИХ-ын 2002 оны 58, 2004 оны 14 дүгээр тогтоолоор тус агентлагийг хэвээр баталгаажуулсан байна.
- Монгол Улсын “Засгийн газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 1-д: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь “… нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор … нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвөлгөө, удирдлага зохицуулалтаар хангана” гэж заасан юм.
- Энэ дагууд Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар нь ЗГХЭГ-ын баталсан дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоогоор ажиллаж ирлээ.
- Ийнхүү Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, тэдгээрийн Тамгын газрууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, зарим яам, агентлагуудын үйлчилгээ, аж ахуйн ажлыг нийтлэг үйлчилгээний талаар тогтоосон нэгдсэн бодлогын хүрээнд эрхлэн гүйцэтгэж, төр засгийн удирдах дээд болон төв байгууллагуудад 5 ангийн 21 нэр төрлийн ажил үйлчилгээг үзүүлж байна.
- Манай байгууллагын эрхэм зорилго бол төр, засгийн удирдах дээд болон төв байгууллага, бусад хэрэглэгчдэд олон улсын стандартын түвшинд хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэх замаар тэдгээрээс хуулиар тогтоосон зорилт чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах нэн таатай орчин нөхцөл бүрдүүлэх явдал мөн.
- Үүний тулд үйлчилгээний нэр төрөл бүрээр цомхон чадварлаг мэргэшсэн багуудыг төлөвшүүлж, хэрэглэгч нэг бүрийн санаа сэтгэлд хүрч нийцсэн ажил үйлчилгээний эзэн байх зорилт тавин ажиллаж байна.
- Тус байгууллага урт удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр дүнд Монгол улсад үйлчилгээний байгууллагуудаас анх удаа Чанарын удирдлагын иж бүрэн тогтолцоо нэвтрүүлж, олон улсын ISO 9001:2000 стандартыг ханган биелүүлсэн байгууллагын гэрчилгээг 2006 онд Монголын чанарын холбоо, Стандартчилал хэмжил зүйн газраас авсан юм.















