Мэдээ, мэдээлэл » Тайлан

        Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нь тайлангийн хугацаанд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын шаардлагыг үйлчилгээнд жигд хүртээмжтэй хэрэгжүүлэх, ажилчдыг сургах, ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилтыг биелүүлж ажиллалаа.

  1. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн талаар:

Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж нийт ажилтнуудад “Чанарын талон хэрэглэх журам”-ыг шинэчлэн мөрдөж эхэлснээр ажилтнуудын ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, ёс зүй, сахилга бат сайжирч ахиц гарч байна.

 Тайлант хугацаанд газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 5 удаа, 7 хоног бүрийн шуурхай хурлыг 19 удаа тус тус хуралдуулж, цаг үеийн шуурхай асуудлаар хэлэлцэж, гарсан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээний зардал хүссэн болон гэр бүлд нь гачигдал тохиолдсон 22 ажилтанд тусламж болгон 11.5 сая, Билгийн улирлын цагаан сараар газрын 150 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд 5.3 сая, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан газрын ажилтнуудын 0-16 насны 252 хүүхдүүдэд 2.5 сая төгрөг тус тус зарцуулжээ.

 “Ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах журам”-ын дагуу Санхүүгийн зөвлөгөө судалгааны институт, Татварын ерөнхий газартай хамтран газрын инженер техникийн ажилчид, мэргэжилтэн, санхүүгийн ажилчдад “Санхүүгийн ажилтнуудын онол, практикийн мэдлэгийг сайжруулах” сэдэвт сургалтад 36 ажилтан, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран “Өндөрт ажиллах ажилтны сургалт”-д гадна талбайн үйлчлэгч, цахилгаанчин, мужааны хэсгийн ахлагч зэрэг 10 ажилтан, Барилгын хөгжлийн төвд “Мэргэшсэн инженер”-ийн сургалтад 1 ажилтан тус тус хамрагдлаа.

Тушаал 120, өргөдөл 90, ирсэн 162, явуулсан 365 бичгийг бүртгэж холбогдох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2019 он гарснаас хойш хийгдсэн 62 гэрээнд хууль, эрх зүйн хяналт хийж, дугаар олгон гэрээний цэсэнд гэрээ тус бүрийг байршуулан дотоод сүлжээний e-office систем дээр бүртгэл хөтөлж ажиллав.

Төрийн ордны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг газрын даргын 2019 оны А/11 дугаар тушаалаар баталж, штаб, мэргэжлийн ангийг шинэчлэн томилж, тодотгол хийсэн бөгөөд тус тушаалын хүрээнд Төрийн ордонд байрлан ажилладаг тамгын газруудтай хамтран ажилласны зэрэгцээ 2019 оны 05 дугаар сард Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт”-д 38 ажилтныг Төрийн ордныг төлөөлөх жагсаалын бэлтгэлд хамруулах, бэлтгэл хангаж, оролцох ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан. 

Тийз захиалгын үйлчилгээгээр ЗГХЭГ-ын Япон болон Бүгд Найрамдах Хятад Ард улсруу явах нислэгийн 6 тийзийг захиалж, түргэн шуурхай үйлчилсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ивээл дор “Бид хамтдаа” гар бөмбөгийн тэмцээнийг төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын байгууллагуудын хооронд зохион байгууллаа.

Байгууллагын дотоод цахим системийг сайжруулан хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ажилтнуудыг хоорондоо мэдээлэл солилцох интернетийн хурдыг 80 Mbps болгон нэмэгдүүлж утасгүй интернетийн орчин бий болгосон.

Эхний хагас жилийн байдлаар Төрийн ордны суугчдаас 1915 дуудлага хүлээн авч 8 нэгж хэсгээр гүйцэтгүүлж ажиллалаа. Тайлангийн хугацаанд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн дуудлага, тэдгээрийг барагдуулсан байдал, ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээ танилцуулгыг нийт 25 удаа гаргаж удирдлагуудад танилцуулсан бөгөөд гүйцэтгэл 99,3 хувьтай шийдвэрлэгдсэн байна. 

Нийт дуудлагын 30,05% мужааны, 13,8% цахилгааны,  12,4% сантехник, салхивчийн, 27,6 % зөөвөр нүүлгэлтийн, 4,98 % цэвэрлэгээ үйлчилгээний, 11,04% өрөө онгойлгох, 0,1% холбоо, ТV сүлжээ, интернет сүлжээ засах, утасны дугаар асуух дуудлага эзэлж байна.

Сургалтын төвөөс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар, Улсын драмын эрдмийн чуулга, Өмнөговь, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 50 гаруй хүнд “Үйлчлэгч” мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа.

  1. Санхүүгийн үйлчилгээний талаар:

2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний аудитын газарт хүргэж “Зөрчилгүй” дүгнэлттэй шалгуулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын багцын тайланд нэгтгэгдсэн.

Төсвийн урсгал санхүүжилтээр 2019 оны эхний хагас жилд 1,980.5 сая төгрөгийн санхүүжилт авч, Цалин болон НДШ, ХАОАТ-ын зардалд нийт 1,057.0 сая төгрөг, Тогтмол зардалд 351,3 сая төгрөг, Урсгал зардалд 59,1 сая төгрөг, Хангамжийн материалын зардалд 72,3 сая төгрөг, Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд 52,8 сая төгрөг, Ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшууллын зардалд 15,4 сая төгрөг тус тус зарцуулсан.

Гэрээний дагуу туслах үйл ажиллагааны орлогоор 87,6 сая төгрөг оруулахаас 113,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж 129,2% биелэлттэй байна. 

Нэмэлт санхүүжилтийн дансанд 154,4 сая төгрөгийг төвлөрүүлж зарцуулах эрх нээлгэн Төрийн ордны өрөө тасалгааны засварын материал болон тамгын газруудын цайны үйлчилгээний хүнсний материалуудын татан авалт, Сар шинийн арга хэмжээ, Гамшгаас сэргийлэх арга хэмжээ, Ази номхон далайн орнуудын парламентын чуулган гэх мэт томоохон ажлуудын үйлчилгээг санхүүжүүлжээ.

Нийт 32 нэрийн багаж, сэлбэг хэрэгсэл хангамжийн зүйлс захиалгын дагуу худалдан авснаас сантехникийн хэрэгсэлд 9,6 сая төгрөг, цахилгааны хэрэгсэлд 22,4 сая төгрөг, салхивч хөргөлт агааржуулалтын хэрэгсэлд 1,1 сая төгрөг, мужааны хэрэгсэлд 10,6 сая төгрөг, Барилга засварын материалд 10.2 сая төгрөг, нормын хувцас, гутал авахад 6,1 сая төгрөг тус тус зарцуулж эзэмшигчийн картанд бүртгэж хүлээлгэн өгсөн байна.

2018 оны үндсэн хөрөнгийн "Өмч эзэмшлийн гэрээ"-ний биелэлтийг Төрийн өмч, Төрийн өмчийн хөрөнгө маягтаар гарган Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүллээ.

    3. Барилга, инженер техникийн үйлчилгээний талаар:

Төрийн ордон болон ТЁХӨЦ-ыг 912715 кВт/цаг цахилгаан эрчим хүчээр, 9562.36 ккал дулааны эрчим хүчээр хангаж, өрөө тасалгааны дулааныг тогтмол 20-23 хэмд байлган суугчдын ая тухтай нөхцөлийг бүрдүүлэн,  9915 м3 хэрэглээний цэвэр усаар хангаж, мөн ийм хэмжээний бохир усыг зайлуулж, өрөө тасалгаа, заал танхимуудын агаар сэлгэлтийг найдвартай ханган ажиллаж байна.

  Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цахилгаан хангамжийн 2*630кВА трансформатор бүхий 6кВ-ын дэд өртөөний тоног төхөөрөмжийн сар бүрийн үзлэг үйлчилгээг “УБЦТС” ХК-тай хамтран хийж гүйцэтгэн эрчим хүчээр найдвартай үл тасалдах нөхцөлтэйгөөр хангав.    

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн ордны барилгад Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний аудиторууд томилж, Их танхим орчмын хэсэгт эрчим хүчний судалгаа хийж, барилгын техникийн үзүүлэлт тооцож эрчим хүчний аудитын зөвлөмж дүгнэлт гаргуулсан.

 Мөн эрчим хүчний хэрэглээг хэмнэх бодлого баримталж Төрийн ордны жигүүр, нийтийн эзэмшлийн коридор, вестибюль, зарим албан өрөөнүүдэд ашиглагдаж байгаа U хэлбэрийн гэрлийг орчин үеийн технологи бүхий эко лед гэрлээр солих шинэчлэлтийг үргэлжлүүлэн эхний хагас жилд 62 ширхэг /65*65 см, 110*70 см/ гэрэл суурилуулав.

Төрийн ордны ачаа зөөврийн, хүн зөөврийн нийт 8 ш цахилгаан шатанд 1 жилийн хугацаатай Техникийн магадалгааг гаргуулж, засвар үйлчилгээг хийлгэж зорчигчдын аюулгүй байдлыг хангаж байна.

Дулаан хангамж, усан хангамжийн тасалдалгүй ажиллагааг хангах зорилгын хүрээнд дулааны шугамд 98 удаа, халаах хэрэгслүүдэд 71 удаагийн тохиргоо үйлчилгээг хийж, халаалтын зангилаа холбох хэрэгсэлд засвар үйлчилгээг 4 удаа, цэвэрлэгээ үйлчилгээг 4 удаа, цэвэр усны шугам хөлдсөн хэсгийг гэсгээж хэвийн ажиллагаанд оруулахад 2 удаа, ТЁХӨЦ, Төрийн ордны цэвэр, бохир усны шугам цоорсныг нөхөх, шинэчлэх ажлуудыг 7 удаа хийж ажлын байрны хэвийн таатай нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

Эхний хагас жилийн байдлаар гадна бохирын худгуудыг 15 удаа лайдаж цэвэрлэн, бохирын шугамын бөглөө гаргах 15 удаа, суултуурын бөглөө гаргах 62 удаа, тосгуурын бөглөө гаргах 71 удаа, суултуур болон угаалтуурын бүрэн бүтэн байдлыг хангах 358 удаагийн ажлуудуудыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Төрийн ордон, ТЁХӨЦ-ын заал танхимуудын агааржуулалтын системийн хэвийн ажиллагааг хангаж, агаарын солилцоо болон температур, чийгшлийг стандартын түвшинд тогтмол байлгах арга хэмжээ авч ажиллалаа.

Нийт 1066 удаа дуудлагаар мужааны үйлчилгээ үзүүлжээ.

Барилга засварын хэсэг нь ҮАБЗ-ийн  албан ажлын 4 өрөө, гал тогоо, ЗГХЭГ-ын  ажлын 9 өрөө, ЕТГ-ын  ажлын 3 өрөө, УИХТГ-ын ажлын 27 өрөө, Нийтийн эзэмшлийн Б1 блокийн зоорийн давхрын шатны хонгил, өлгүүр, Ахуйн байрны шатны хонгил, Төрийн ордны 2 давхрын коридорын хана, шатны гарах хаалганы хэсэгчилсэн засвар зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  

Төрийн ордны зүүн аркны зам талбайн засварын зураг төсөл, Хүй 7 худаг дахь хотхоны зам талбайн төлөвлөлтийн зураг төсөл, УИХ-ын Чуулганы танхим дахь ажлын хэсгийн ширээний загвар зураг, Засгийн газрын хуралдааны танхимд нэмэлт ширээ хийх, захиалах ажил, Шадар сайдын уулзалтын өрөөний ширээний загвар зураг, үнийн санал, Төрийн ордны баганат гонхны хашлаганы нэмэлт хамгаалалтын зураг боловсруулах ажлуудад архитектор дизайны мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэв.

       4. Цэвэрлэгээ үйлчилгээний талаар:

Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг үйлчилгээний нэгж хэсгүүдэд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, анхан шатны бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт, чанарын дугуйлангийн үйл ажиллагааны тэмдэглэл, чанарын үнэлгээнд тавих хяналтыг тогтмолжуулан бүртгэлийн маягтуудыг албан ёсоор хөтөлж хэвшсэн.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн 13135 м2, албан өрөөний 21756 м2, заал танхимын 3723,9 м2, ариун цэврийн 4021 м2 талбайд өдөр тутмын болон хуваарьт их цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-0060:2015 стандартад нийцүүлэн Төрийн ордонд ажиллагсдад тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Төрийн ордон, ТЁХӨЦ-ын заал танхимуудад зохион байгуулагдсан 756 удаагийн хурал зөвлөгөөн, арга хэмжээнд нийтдээ 47100 хүн хамрагдан үйлчлүүлж, Төрийн түүхийн музей үзэхээр ирсэн 10385 хүнд үйлчлэв. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 27568,3 м2 хивс, 909 хөшиг, 567 тюль, 680 буйдан болон сандлын бүрээсийг угаасан байна.

Олон Улсын Парламентын холбооны Ази номхон далайн бүсийн 2-р чуулган, Португал, Хорват, Швейцарь, Испани, Иран, Польш 9 орны элчин сайд итгэмжит жуух барих ёслолын арга хэмжээ, Монгол улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал, Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, шагнал гардуулах ёслол, уулзалт хурал семинар зэрэг Төрийн ордонд зохион байгуулагдаж буй бүх төрлийн хүндэтгэлийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангаж, үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэжээ.

Цайны 597 удаагийн үйлчилгээгээр зочин визитийн 4120 аяга цай, кофе болон зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар, 4777 удаагийн дуудлагаар 21893 аяга цай, кофегоор үйлчиллээ.

30-р байрны цэцгийн хүлэмж, Төрийн ордны хүлэмжийн хэсэгт цэцэг тарих, услах, арчлах үйлчилгээг тогтмолжуулан  ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтсийн захиалгаар 4 нэр төрлийн 14 ширхэг цэцгийн баглаа, сагстай цэцэг 13 ширхэг, зоогийн болон уулзалтын ширээний цэцэг 13 ширхэг, нийт 41 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь захиалгын шаардлагын түвшинд бэлтгэн гадна талбайн нэг наст цэцгийн чулуун савны хөрсийг сийрүүлж шинээр хөрсжүүлэн хүлэмжид нэг наст 7 төрлийн 7800 орчим цэцгийн үрсэлгээг 2-р сараас эхлэн тарьж 5-р сард шилжүүлэн суулгаад байна.

Угаалгад 20 нэрийн 10515 кг буюу 7514 ширхэг эд зүйлийг угааж, гадаад орны төрийн далбаа 42 ширхэг, буйдан сандлын бүрээс 600 ширхэг, хөшиг, тюль 15 ширхэг, цэвэрлэгээний даавуу 239 ширхгийг тус тус оёж чанарын гологдолгүй ажиллаж байна.

      5. Ажлын чанарыг сайжруулах, ХАБЭА-н талаар:

Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан төсвийн шууд захирагчийн 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтээр  95,5 хувийн үнэлгээ авлаа.

Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолын дагуу “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г боловсруулж,  төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан хэрэгжүүлж байна.

Газрын 2019 оны дотоод хяналт, шалгалтын батлагдсан хуваарийн дагуу “Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийх шинжилгээ, үнэлгээ”, “Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтэд хийх хяналт, шалгалт”, “Байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалтад хийх хяналт-шинжилгээ”, “Байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний биелэлтэд хийх шинжилгээ, үнэлгээ”, “Төрийн өмчид хяналт тавих, бүртгэл тооцоо, тооллого, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бэлтгэн нийлүүлэх, худалдан авах үйл ажиллагаанд хийх хяналт, шалгалт”, “Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тэмдэглэлт үйл ажиллагааны бэлтгэл, заал танхимын бичил цаг уурын нөхцөлд тавих хяналт”, “Кофе брейкийн үйлчилгээний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд тавих хяналт” зэрэг нийт 12 нэр төрлийн 18 удаагийн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэн, тайлан, танилцуулгыг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

“Хэрэглэгчийн санал хүсэлтийг авч хэрэгжүүлэх журам”-ын дагуу Төрийн ордны суугчдаас судалгаа, санал асуулга авч нэгтгэн, засч залруулах шаардлагатай ажил үйлчилгээг сайжруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг жигд хүртээмжтэй хэрэгжүүлэх зорилгоор газрын бүх ажилтнуудад Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-ын шаардлага, Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт, Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэл болон боломжуудыг урьдчилан тодорхойлж эрсдэлээс зайлсхийх аргачлал сэдвээр сургалт явуулсан.

Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор ТЁХӨЦ, Төрийн ордны заал танхимд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөнд оролцогч 2080 хүний кофе брейкийн үйлчилгээнд хяналт тавьж, хүнсний бүтээгдэхүүнээс нийт 36 дээж авч бүртгэл хөтөлсөн.

Төрийн ордон, ТЁХӨЦ-ын уулзалтын танхим, УИХ-ын Чуулганы танхим болон бусад заал танхимын агаарын хэм, чийглэгийг тухай бүр хэмжиж ажлын байрны бичил цаг уурын байдлыг стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг гүйцэтгэлээ.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын дагуу хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, биечлэн харьцдаг,  эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг  цай зөөгч, угаагч, үсчин, үйлчлэгч зэрэг 20 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 2 удаа хамруулах ажлыг зохион байгууллаа.

Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалыг “Хан судар” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу эхний хагас жилд ТЁХӨЦ, Төрийн ордны 19535 м2 талбайд гүйцэтгүүлж, үр дүнд хяналт тавин ажиллалаа.

2019 оны 07 сарын 03 | Үзсэн : 1956